Монголын Адвентист Чуулганаас шинэ томилгоонд ажиллахаар илгээлт авч байгаа М.Энхбаяр, гавьяаны амралтаа авч байгаа Б.Бодьгэрэл нарыг илгээх үйл ажиллагааг зохион байгууллаа.
МАЧ-ны Ерөнхийлөгч Б.Болд үг хэлэхдээ : “Христэд итгэгчид хамтран зүтгэгчдээ үдэж өгөх бус, харин Бурханы үйл хэрэгт илгээж байгааг онцоллоо. Тэрээр хаана байхаас үл хамааран Бурханы дуудлагад хариу өгч, итгэл үнэмшилдээ тууштайгаар үйлчлэх нь итгэгч хүний эрхэм үүрэг болохыг дурдсан юм. Мөн Библид илгээлт, дуудлагад хариулах тухай олон ишлэл байдаг бөгөөд хүн өөрийн нас, чадвартаа эргэлзэхээс илүү гүйцэтгэх ёстой үүрэг, зорилгодоо төвлөрөхийг сургадаг болохыг онцоллоо.
МАЧ-ны Нарийн бичиг, Санхүүчээр олон жил ажилласан Б.Бодьгэрэл хэлэхдээ “Амьдралын шинэ талбарт ажиллаж, хүсэл зорилгоо хэрэгжүүлэх боломж олдсонд баяртай байна. Монголын Адвентист Чуулганд 20 гаруй жил ажиллах хугацаандаа хамт олноосоо олон зүйлийг сурч мэдсэндээ талархал илэрхийлж, шинэ сорилт, шинэ туршлага бүр нь хувь хүний өсөлт хөгжилд чухал нөлөө үзүүлж байсныг дурслаа. Мөн Бурхан бүхнийг хангагч гэдэгт итгэдэг учраас цаашдын ажил үйлсдээ итгэлтэйгээр, өгөгдсөн цаг хугацааг үр бүтээлтэй ашиглана хэмээн” хэлсэн юм.
Адвентист сүм үүсгэн байгуулагчдын нэг, Амос ТББ-ын захирал Шим судлаач М.Энхбаяр хэлэхдээ : “Амьдралдаа Бурханд итгэж, өөрийгөө хөгжүүлэх, бодитой үйл хэрэгт төвлөрөх нь чухал болохыг дурдлаа. Тэрээр мэдээллийг үнэн зөв эх сурвалж болох Библиэс авч, амьдралдаа хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Мөн өөрийн ажиллаж байсан салбарын залуу үеийнхэн хариуцлагатай албан тушаалд хүрч, манлайлан ажиллаж байгааг харахад баяртай байгаагаа илэрхийлж, Бурханы дуудлагад үнэнч байж, гаргасан шийдвэртээ тууштай байхыг захилаа”.
Тус илгээлтийн ёслол нь хамт олны халуун дотно уур амьсгалд болж, шинэ томилгоонд ажиллахаар илгээгдэж буйд амжилт хүссэн ерөөл өргөсөн үйл явдал боллоо.



