Нийтлэл
Урам зориг өгөх түүх, номлол бүхий нийтлэлүүдээр дамжуулан манай сүмийн нийгэмлэгтэй холбоотой байгаарай.

“MISSION TRIP” БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
AIIAS их сургуулиас хүрэлцэн ирсэн “MISSION TRIP” багийн гишүүд Толгойт сүмтэй хамтран 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд Бурханы хайрыг түгээж мэдрүүлсэн 10 хоногийн сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

ЭРДЭНЭТ СҮМИЙН БАЯРЫН МЭДЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Эрдэнэт сүм Баярын мэдээний тусгай үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ хугацаанд сүмийн хамт олон айлчлал хийж, магтан дуугаар Бурханыг алдаршуулан, халуун дулаан уур амьсгал дунд нөхөрлөлөө бэхжүүлж чадлаа. Мөн олон нийтэд зориулсан эрүүл мэндийн сургалт, семинар зохион байгуулж, бие болон сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар үнэ цэнтэй мэдлэгийг олж авсан юм.

"ГАЙХАМШИГТ ХАЙР" СҮМИЙН "ДОЛОО ДАХЬ БҮРЭЭ" МӨРЧ, ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧИД КЛУБЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО
"Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол." (1 Тимот 4:12)
Энэ хичээлийн жилийн турш "Долоо дахь Бүрээ" Мөрч, Хөгжилтэй Аялагчдын клубын хүүхдүүд зөвхөн шинэ мэдлэг, ур чадвар эзэмшээд зогсохгүй, Христийн зан чанарыг төлөвшүүлж, итгэлдээ өсөж, үйлчлэлд идэвхтэй оролцсон жил боллоо. Энэ жил 3 хүүхэд Хөгжилтэй Аялагчдын клуб, 4 хүүхэд Мөрч клубээ амжилттай төгсөн, дараагийн шатны клубт элсэн суралцах эрхтэй болж байна.

“СЭТГЭЛИЙН БУЛАГ” АХМАДЫН КЛУБТЭЙ ХАМТ ИТГЭЛ, ХАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТҮГЭЭВ
"One Voice 27" "Нэг дуу хоолой, нэг зорилго, нэг итгэл" уриан дор Гэр бүл, Эмэгтэйчүүдийн хэлтсийн дэргэдэх "Сэтгэлийн Булаг" Ахмадын клубтэй хамтран зохион байгуулсан баярын мэдээний үйл ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 17–20-ний өдрүүдэд Багануур сүмд Бурханы ивээлээр амжилттай болж өндөрлөлөө.

ХРИСТИЙН ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН БАТНОРОВ СУМЫН АЙЛЧЛАЛ
Айлчлалын хүрээнд зөвхөн сүмийн үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, ахлагч Э.Сувданчимэгийн төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Батноров суманд иргэдэд зориулсан нийгэм, хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг мөн зохион байгууллаа.
6-р сарын 13-нд зургаан багийн 150 гаруй малчин иргэнийг хамруулсан “Харилцаа–Амьдралын Үндэс” сэдэвт үнэ төлбөргүй сургалт, илтгэлийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь оролцогчдод зөв харилцаа, зөв үнэт зүйлс, итгэл найдварын тухай чухал ойлголтуудыг түгээсэн үр өгөөжтэй арга хэмжээ болсон юм.

ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ
2026 оны 6-р сарын 12–14-ний өдрүүдэд Монголын Адвентист Чуулганы удирдлагууд болон оффисын ажилтнуудын ээлжит айлчлал нь Хэнтий аймгийн Чингис хотод байрлах “Итгэлийн Аян” сүм байлаа. Энэ өдрүүдэд Бурханы хайр, нигүүлсэл онцгойгоор илэрч, олон хүний амьдралд шинэ итгэл, шинэ найдвар бэлэглэсэн ерөөлтэй үйл явдлууд өрнөжээ.

ЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭН
Архангай сүмийн хамт олон Баярын мэдээгээр дамжуулан сүмд шинээр ирсэн хүмүүстэйгээ халуун дотно нөхөрлөлийг бий болгон, тэдэнд эрүүл мэндийн үйлчлэлүүд болох алтан зүү эмчилгээ болон бариа заслын эмчилгээг хийжээ. Энэхүү үйлчлэл долоо хоног бүрийн мягмар гарагт явагддаг бөгөөд олон хүн Эзэнээс ирэх эдгэрэл, амар тайван, ивээл ерөөлийг мэдэрч байна.

ИТГЭЛ БА ҮЙЛЧЛЭЛЭЭР ДҮҮРЭН ТАВДУГААР САР
Булган сүмд өнгөрсөн 5-р сард Улаанбаатар хотоос дотоодын баг хүрэлцэн ирж, орон нутгийн гишүүдтэй хамтран баярт мэдээний үйлчлэлийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйлчлэлийн үр дүнд сүмийн нэг гишүүнийг тонгги алтан зүүний эмчилгээний аргачлалд сурган бэлтгэв. Мөн Булган сүм анх байгуулагдаж байх үед үйлчилж байсан ахан дүүс эргэн ирж, баярт мэдээний үйлчлэлд хамтран оролцсон нь энэ сарын онцлох үйл явдлуудын нэг байлаа.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сургалт, семинарт олон хүн хамрагдаж, тонгги тавиулан бие, сэтгэлийн сэргэлт авч, амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг мэдрүүлсэн ерөөлтэй цаг хугацааг байлаа.
Сүмийн гишүүдийн идэвх санаачилга, хамтын оролцооны үр дүнд сүмийн орчинд явган хүний зам байгуулсан нь тэдний нэгдмэл хөдөлмөрийн бодит үр дүн болсон юм.
Түүнчлэн “Өглөөний дасгал хөдөлгөөн – Эрүүл амьдралын эхлэл” уриан дор өглөө бүр 06:30 цагаас хамтран дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн бөгөөд гишүүдийн бие бялдар, эрүүл амьдралын хэвшлийг дэмжих сайхан боломж болж байна.
Шинэ хүний анги ч тогтмол хичээллэж, суралцагчид итгэлийн амьдралдаа өсөн хөгжсөөр байна.
Энэ сарын турш бүхий л үйлчлэл үр өгөөжтэй болж, нөхөрлөл, айлчлал арвинтай, Бурханы ивээлээр дүүрэн өдрүүд үргэлжиллээ. Булган сүмийнхний хийсэн үйлчлэл бүхэнд Эзэний мутар хамт байх болтугай.
Мөн Хүүхдийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан Библийн АХА тэмцээний 8–10 насны ангилалд Булган сүмийн бяцхан гишүүн Б.Гандиймаа тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр цуглаанд тогтмол оролцож, үе тэнгийн найзууддаа Библийн түүхээс хуваалцдаг бөгөөд энэхүү хичээл зүтгэл, суралцах хүсэл нь амжилтынх нь үндэс болсон юм. Эртний Сударт “Тиймээс, хайрт ах дүүс минь, бат зогсогтун. Эзэний ажилд үргэлж бялхаж бай. Учир нь Эзэн доторх та нарын хөдөлмөр хоосон биш гэдгийг мэддэг билээ.”/ 1 Коринт 15:58/ хэмээн өгүүлсэн байдаг. Иймээс бид бүгд Бурханы үгийг үргэлж судалж, бусдад хуваалцан, итгэл дотор өсөн хөгжиж, Эзэнийг алдаршуулан амьдарцгаая.
Бидний хөдөлмөр, үйлчлэл бүхэн Эзэний өмнө үнэ цэнтэй билээ. Ирэх өдрүүдэд ч итгэл, хайр, үйлчлэлээрээ өсөн хөгжиж, олон хүний амьдралд сайн мэдээний гэрлийг түгээх ерөөл дүүрэн байх болтугай.

“Миний Библи” уриан дор Бурханы Үгийг судалж, мэдлэгээрээ манлайлсан хүүхдүүд тодорлоо
Хүүхдийн баярт зориулсан Библийн асуулт, хариултын АХА тэмцээний эхний шат амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн тэмцээнийг NextGen Union залуус зохион байгуулсан бөгөөд өмнө нь уламжлалт хэлбэрээр явагддаг байсан тэмцээнийг орчин үеийн техник, технологийн шийдэл болох Kahoot аппликейшныг ашиглан явуулснаараа онцлог байв. Ингэснээр оролцогчдын оноо, дүн мэдээг богино хугацаанд, ил тод бөгөөд шуурхай гаргах боломж бүрдсэн юм.
Тэмцээний 8–10 насны ангилалд :
1-р байр – Б. Гандиймаа (Булган сүм)
2-р байр – Б. Амгалан (Хилчин сүм)
3-р байр – Г. Гэгээ (Гайхамшигт хайр сүм) тэргүүллээ.

ХИЛЧИН МӨРЧ КЛУБ НИЙТЭД ТУСТАЙ ҮЙЛЧЛЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хилчин Мөрч клуб 2026 оны 5-р сард нийтэд тустай үйлчлэлийн хүрээнд хандивын худалдаа болон асрамжийн газрын хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд амбаарт хадгалагдаж байсан хувцаснуудыг ангилан, зарах боломжтой хувцаснуудыг ялгаж, угаах шаардлагатайг нь цэвэрлэн бэлтгэсэн байна. Мөн клубын гишүүд өөрсдийн гэртээ өмсөхгүй болсон хувцаснуудыг хандивлаж, сайн үйлсийн аянд нэгдлээ.
Хандивын худалдааг 21-р хорооллын автобусны буудал дээр 13:00–16:00 цагийн хооронд зохион байгуулж, нийт 221,400 төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ.
Тус орлогоос 104,000 төгрөгөөр сүмдээ зориулан 25 кг будаа болон 5 литр ургамлын тос худалдан авчээ. Харин үлдсэн 117,400 төгрөгөөр Нархан хотхоны асрамжийн газрын хүүхдүүдэд зориулан ааруул, жүрж, ашигтай бактеритай ундаа бүхий 47 ширхэг бэлгийн багц бэлтгэн, 5-р сарын 16-ны Шаббатын өдөр айлчлан гардуулжээ.
Онцлох нэгэн сайхан үйл явдал нь Хөгжилтэй Аялагч клубын сурагч Б.Боорчи хичээл дээрээ сурсан цаасан онгоц хийх чадвараа бататган, өөрийн гараар 25 ширхэг цаасан онгоц урлан асрамжийн газрын бага насны хүүхдүүдэд бэлэглэсэн явдал байлаа. Энэ нь хүүхдүүдийн сэтгэлд баяр хөөр бэлэглэсэн төдийгүй бусдад хайр түгээх чин сэтгэлийн илэрхийлэл болсон юм.
Энэхүү үйл ажиллагаанд сүмийн гишүүд идэвхтэй оролцож, хувцас угаах, хандивлах, гар хийцийн талх авчирч худалдах, жүрж хандивлах, автомашинаар тээвэрлэх, худалдаанд биечлэн оролцох зэрэг олон талын бодит дэмжлэг үзүүлснээр сайн үйлсийн аян амжилттай хэрэгжлээ.
Тус үйлчлэл нь бусдад туслах сэтгэл, хамтын ажиллагаа, Бурханы хайр энэрлийг бодитоор харуулсан онцгой үйл ажиллагаа болсон байна.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.05.18.

МОНГОЛЫН АДВЕНТИСТ ЧУУЛГАНЫ ШИНЭ НОМУУД УНШИГЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛНО
39 дэх удаагийн “Номын баяр” 2026 оны 5 дугаар сарын 15–17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэ удаагийн арга хэмжээнд Монголын Адвентист чуулган оролцож, чуулганаас эрхлэн гаргасан нийт 21 нэр төрлийн номыг уншигчдын хүртээл болгох юм.
Мөн “Амьдралынхаа жинхэнэ үнэ цэнийг хэрхэн хэмжих вэ?”, “Эрчүүд яагаад секс хүсдэг вэ?”, “Эмэгтэйчүүд яагаад хайр хүсдэг вэ?”, “Эрчүүд яагаад үг сонсдоггүй вэ?”, “Эмэгтэйчүүд яагаад зүг чигээ олдоггүй вэ?” зэрэг шинэ номууд худалдаална.
Та бүхнийг Чингис хааны хөшөөний зүүн урд талд байрлах манай асарт хүрэлцэн ирж, сонирхолтой шинэ номуудтай танилцан, өөрийн уншиж амжаагүй бүтээлүүдээс худалдан авч, өргөнөөр оролцохыг урьж байна.
Номын баярын өдрүүдэд шинэ болон ховор номуудын үзэсгэлэн худалдаа, гэрэл зургийн үзэсгэлэн, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага, сонсдог номын цаг, яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.05.15.

ЭЗЭНИЙ ӨРГӨӨ РҮҮ ХӨТЛӨХ ЗАМЫГ НЭГДЭН ЗАСЧЭЭ
Булган сүмийн гишүүд өөрсдийн санхүүгээр нэг хүн нэг шуудай цемент авчирч, явган хүний замаа хамтдаа цутган хийлээ. Энэ өдөр тэд нэгдэн нөхөрлөж, Баярт мэдээний үйл ажиллагааны бэлтгэлээ ч мөн хамтдаа базааж авлаа.
Тэд нэг зүрх, нэг сэтгэлээр Эзэний өргөө рүү орох замыг засаж, эв нэгдэлтэй хамт олон гэдгээ бодитоор харуулсан юм. Баяр хөөр, урам зориг дүүрэн энэ ажлыг хамтдаа амжилттай гүйцэтгэсэн талаар сүмийн ахлагч Д.Амаржаргал бидэнтэй хуваалцлаа.
“Та нар юу ч хийсэн, хүмүүст бус харин Эзэнд мэт чин сэтгэлээсээ хийгтүн.” Колоссай 3:23
Харилцаа Холбооны хэлтэс 2026.05.14
