2026 оны 6 дугаар сарын 21–26-ны өдрүүдэд Нисэх сүм БНСУ-ын Самюүк их сургуулийн Англи хэлний тэнхмийн I курсын 12 оюутны багтай хамтран “Соёлын солилцоо” сэдэвт сайн мэдээний үйл ажиллагааг Бурханы ивээл дор амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь БНСУ-аас ирсэн оюутнуудыг сайн дурын үйлчлэлд оролцуулан үйлчлэн Монголын хүүхэд, залуучуудад Бурханы хайрыг түгээхийн зэрэгцээ солонгос хэл, дуу хөгжим, соёлын хөтөлбөрөөр дамжуулан сайн мэдээг түгээлээ. Соёлын солилцоо нь зөвхөн мэдлэг, ур чадвараа хуваалцах боломж төдийгүй, Бурханы хайрыг хил хязгаараас үл хамааран хүмүүст хүргэх үнэ цэнтэй гүүр болж чадсан юм.
Таван хоногийн турш үргэлжилсэн тус өдөрлөгт өдөр бүр 22–26 шинэ хүүхэд, залуучууд хамрагдаж, Бурханы хайрыг мэдэрч, халуун дулаан нөхөрлөлийг бий болголоо. Үйл ажиллагааны үр дүнд 9 хүүхэд, залуус Нисэх сүмийн дуу, хөгжмийн дугуйланд үргэлжлүүлэн хамрагдахаар бүртгүүлсэн нь сайн мэдээний үр жимс ургаж эхэлсний бодит илэрхийлэл байлаа.

Үйл ажиллагааны явцад орчуулгын хүндрэл, сорилт тулгарсан ч Бурханы ивээл, хамтын залбирал, үйлчлэгчдийн эв нэгдлийн хүчээр бүх хөтөлбөр саадгүй хэрэгжиж, Бурханы алдар суу илэрхийлэгдсэн сайхан цаг хугацаа болж өндөрлөлөө. Цаашид Нисэх сүм болон БНСУ-ын Самюүк их сургуулийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, илүү олон хүүхэд, залуучуудад Бурханы хайрыг хүргэх урт хугацааны хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцоод байна. Нисэх сүм энэхүү үйлчлэлийг чин сэтгэлээсээ дэмжин хамтран ажилласан Монголын Адвентист Чуулганы удирдлага, нийт ажилтан, үйлчлэгчиддээ гүн талархал илэрхийллээ. Эзэн Бурхан та бүхний амьдрал, гэр бүл, үйлчлэл бүрийг элбэг дүүрнээр ивээж, хайр мэргэн ухаанаар удирдах болтугай.

Гэрчлэл
Энэхүү үйл ажиллагааны үеэр тохиолдсон нэгэн үйл явдал Бурхан Өөрийн ажлыг хэрхэн төгс удирддагийг бидэнд тодорхой харуулсан гэрчлэл болсон юм.
Хамгийн том сорилтын нэг нь солонгос хэлний орчуулагчийн асуудал байлаа. Эхний өдөр хиймэл оюун ухааны (AI) орчуулгын хэрэгслийг ашиглан хөтөлбөрөө амжилттай явуулсан бол дараагийн өдрүүдэд англи хэлтэй солонгос оюутан солонгос хэлнээс англи хэл рүү, Монгол талаас англи хэлнээс монгол хэл рүү дамжуулан орчуулснаар үйл ажиллагаа үргэлжилсэн юм.
Гэвч гурав дахь өдөр орчуулга хийж байсан солонгос оюутны хоолой гэнэт өвдөж, хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд хүндрэл учирсан юм. Энэ үед үйлчлэлийн баг хамтдаа өвдөг сөхрөн Бурханд залбирч, Түүний удирдамж, тусламжийг хүсэн үйлчлэлээ үргэлжлүүлсэн билээ.
Маргааш нь БНСУ-д зургаан жил амьдарч, солонгос хэлний өндөр мэдлэгтэй бяцхан охин санаандгүй мэт боловч яг хэрэгтэй цагт сүмд ирсэн юм. Нөхцөл байдлыг мэдсэн тэрээр үлдсэн хоёр өдрийн турш сайн дураараа орчуулагчаар үйлчилж, бүх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Энэ бүхэн оролцогч бүрийн хувьд санамсаргүй тохиолдол бус, харин Бурхан өөрийн ажлыг төгс удирдан, хэрэгтэй мөч бүрд хүмүүсийг бэлтгэн илгээдэг болохыг бодитоор харуулсан гайхамшигтай гэрчлэл болсон юм. Бурханд найдаж алхах бүрд тэр бидний өмнөх замыг засаж, хэрэгцээ бүрийг хангадаг гэдгийг дахин мэдэрсэн гайхалтай мөчүүд байлаа.
“Харин бид Бурханыг хайрлагчдад, Өөрийн зорилгын дагуу дуудагдсан хүмүүст бүх юмс хамтран сайн сайхны төлөө үйлчилдгийг мэднэ.” (Ром 8:28)
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХЭЛТЭС 2026.07.07



