2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянхайр сүмийн дэргэдэх Angelos оюутан миссионер сургалтын төвийн оюутнууд Баянхайр сүмийн пастор Э.Цолмонбаярын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумыг зорин миссионерын үйл ажиллагаа явууллаа. Багийнхан Улаанбаатар хотоос хөдөлж, нийт 295 км замыг ойролцоогоор 5–6 цагийн хугацаанд туулан Аргалант, Баянхангай, Лүн, Баяннуур, Дашинчилэн сумдаар дамжин Бүрэгхангай суманд хүрчээ.
Тус суманд 3 шөнө, 4 хоногийн хугацаанд Баянхайр сүмийн гишүүн З. Нарангаравын гэрт байрлан үйлчлэв. Энэ хугацаанд түүний гэр бүлийнхэн болох ээж, ах, ахын найз бүсгүй болон эгчийн таван хүүхэд, үеэлийн дөрвөн хүүхэд зэрэг нийт есөн хүүхэдтэй уулзан нөхөрлөж, Бурханы хайр болон сайн мэдээний талаар хуваалцаж, тэдний төлөө хамтдаа залбирлаа.
Ялангуяа 2–13 насны 9 хүүхдэд Библийн сэдвээр ярилцаж, тоглоом, нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулснаар хүүхдүүдтэй дотно нөхөрлөж чадлаа. Мөн З.Нарангаравын ээжийн эрүүл мэндийн төлөө тусгайлан залбирч, эрүүл мэндийн төлөөх үйлчлэл хийв.

Үйл ажиллагааны төгсгөлд хүүхдүүд биднийг халуун дотноор үдэж, "Дараа зун дахин ирээрэй", "Битгий яваач" хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн нь богино хугацаанд харилцан итгэлцэл, нөхөрлөлийн уур амьсгал бүрдэж, тэдний үйлчлэл хүүхдүүдийн зүрх сэтгэлд хүрснийг илтгэж байлаа.
Буцах замдаа Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газарт зочлон, сумын орлогч дарга
Ц. Мөнхтулгатай уулзав. Уулзалтын үеэр цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нийгэмд чиглэсэн үйл ажиллагааны зорилго, чиглэлээ танилцуулсан бөгөөд орлогч дарга хамтран ажиллах саналыг талархан хүлээн авч, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ. Мөн 2026 оны 8 дугаар сард дахин уулзан хамтын ажиллагааны төлөвлөгөөг илүү нарийвчлан хэлэлцэхээр тохиролцлоо.

Уулзалтын үеэр Ц. Мөнхтулга хувь хүний хөгжлийн чиглэлийн дөрвөн төрлийн номоос тус бүр нэг хувь буюу нийт дөрвөн ном худалдан авсан бөгөөд нэг бүрийн үнэ 25,000 төгрөг байв.
Буцах замдаа мөн замын дагуух дэлгүүрүүд болон тааралдсан иргэдэд сайн мэдээний ном тарааж, сайн мэдээг түгээн ажиллалаа.
Ийнхүү Булган аймгийн Бүрэгхангай суманд зохион байгуулсан энэхүү миссионер аялал төлөвлөсөн зорилгоо амжилттай хэрэгжүүлж, нутгийн иргэдтэй шинэ харилцаа холбоо тогтоох, хүүхэд болон гэр бүлүүдэд сайн мэдээг хүргэх, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавих зэрэг үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Энэхүү аялал нь зөвхөн сайн мэдээг түгээх бус, орон нутгийн иргэд болон төрийн байгууллагатай харилцан ойлголцол, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Цаашид энэхүү эхлэлийг үргэлжлүүлэн, тогтмол үйлчлэл болон нийгэмд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэх зорилгыг өвөртөлсөн юм.
“Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!” гэж бичигдсэн байдаг. Ром 10:14–15

Харилцаа Холбооны хэлтэс 2026.07.08



