Эрдэнэт сүм 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 4 хооронд "Live to Give" (Өгөхийн төлөө амьдрах) уриан дор хүүхэд, залуучуудад зориулсан баярын мэдээ түгээх 7 хоногийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Хүүхдийн хөтөлбөрийн хүрээнд Библийн түүхүүдэд суурилсан сургалт, тоглоом, магтан дуу, нөхөрлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, өдөр бүр 20–25 хүүхдүүдийг хамруулжээ. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 10 гаруй шинэ хүүхэд баярын мэдээг сонсож, сүмийн үйл ажиллагаанд баяр хөөртэйгөөр оролцлоо.



Гадагшаа чиглэсэн үйлчлэлийн хүрээнд Рашаант багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэрт зочлон нөхөрлөж, тусламж үзүүлэхийн зэрэгцээ хашааны өвсийг хадаж үйлчлэн Христийн хайрыг бодитоор үлгэрлэлээ.



Мөн "Нислэг 3:16" хөтөлбөрийн хүрээнд сүмийн залуучуудын дунд спортын нөхөрлөл, Open Mic арга хэмжээ, ахмад настнуудтай хамтарсан нөхөрлөл, АХА тэмцээн зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан нь үе үеийнхнийг нэгтгэсэн үр өгөөжтэй арга хэмжээ болсон юм.
Энэ удаагийн үйл ажиллагаагаар хүүхэд, залуучуудад Бурханы хайрыг хүргэж, тэднийг сүмийн хамтын амьдралд уриалан оролцуулах сайхан боломж бүрдсэн юм.



"Харин үйлчлүүлэхийн тулд бус, үйлчлэхийн тулд, мөн олны төлөө амиа золин өгөхөөр Хүний Хүү ирсэн юм."Марк 10:45 ишлэл бичсэнчлэн бусдад Бурхны хайрыг үзүүллээ.
Энэхүү үйл ажиллагаа нь Христийн үлгэр жишээг даган бусдад үйлчилж, өглөгч амьдралаар Бурханы хайрыг түгээхэд чиглэсэн, хүүхэд, залуучуудын итгэл, нөхөрлөлийг бэхжүүлсэн ерөөлтэй өдрүүд болж өндөрлөсөн юм.


Харилцаа Холбооны хэлтэс 2026.07.20.



