2026 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Эрдэнэт сүм Баярын мэдээний тусгай үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ хугацаанд сүмийн хамт олон айлчлал хийж, магтан дуугаар Бурханыг алдаршуулан, халуун дулаан уур амьсгал дунд нөхөрлөлөө бэхжүүлж чадлаа. Мөн олон нийтэд зориулсан эрүүл мэндийн сургалт, семинар зохион байгуулж, бие болон сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар үнэ цэнтэй мэдлэгийг олж авсан юм.

Түүнчлэн Библи судлах шинэ аргачлалыг танилцуулж, оролцогчдын Бурханы Үгийг судлах хүсэл эрмэлзлийг улам бадраасан үр өгөөжтэй сургалт семинар боллоо.
Эзэн Есүс Христ : "Иймээс та нар явж, бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно." (Матай 28:19–20) хэмээн айлдсан билээ.

Энэхүү агуу захиасыг даган, бид Бурханы хайрын сайн мэдээг олон хүнд хүргэж, Христийн авралын итгэл найдварыг түгээх үйлсэд үргэлжлүүлэн хүчин зүтгэх болно. Бурхан энэхүү үйлчлэлийг ивээж, тарьсан үр бүрийг арвин ургац болгон төлөвшүүлэх дамжиггүй юм.

Эрдэнэт сүмийн хамт олон Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан нөхөрлөлийн хөтөлбөр, Библийн АХА тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хүүхэд багачуудын оролцоог идэвхтэй дэмжлээ.


Энэхүү Баярын мэдээний үйл ажиллагаанд өдөр бүр дунджаар 40–50 хүн оролцож, шинэ зочидтой танилцан, тэдэнд сайн мэдээг хүргэхийн зэрэгцээ сүмийн гишүүдийн оролцоо, идэвхийг сэргээсэн үр өгөөжтэй өдрүүд болж өнгөрлөө.


Харилцаа Холбооны хэлтэс 2026.06.25



