Бурханы ивээл дор Имманүэль сүм дээр ахмадын клубын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийг угтаж, М.Дөлгөөн ахмадууддаа зориулсан тусгай дууг дуулж, Имманүэль сүмийн гишүүн П.Баатармаа залбирч, Гэр бүл эмэгтэйчүүдийн хэлтсийн захирал Ц.Отгонтуяа ахмад настнуудад хандан үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Ахмадууд та бүхэн итгэлээ хадгалж, залуу үеийнхэндээ үлгэр дуурайл болж, сүм чуулган болон нийгэмдээ үнэтэй хувь нэмэр орууллаг билээ. Энэхүү ахмадын клубээр дамжуулан бие биетэйгээ уулзаж нөхөрлөж, Бурханы үгийг хамтдаа сонсож, залбирч, туршлагаа хуваалцаж, бие биеэ дэмжих сайхан орон зай бий болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
Үгийн цагаар Пастор Б.Болд ахмадууддаа зориулан Бурханы үгийг хуваалцсан юм. Тэрээр “Ахмадын клубыг нээж буй энэхүү үйл ажиллагааны гол зорилго бол манай улс, тэр дундаа Улаанбаатар хотод амьдарч буй ахмадуудад үйлчлэх явдал юм.
Ахмадууд та бүхэнд Бурханаас өгсөн итгэл найдвар, эрч хүч, мэдлэг, амьдралын баялаг туршлага бий. Хүн сайн сайхныг мэдрэхдээ “Үүнийг бусадтайгаа хуваалцахсан” гэж боддог. Учир нь хуваалцах тусам хүн илүү сайн сайхан руу тэмүүлдэг. Харин Библид гэм нүглийг ихэвчлэн хувиа бодсон зан чанартай холбон тайлбарладаг
Өндөр настай боллоо гээд “би юу ч хийж чадахгүй” гэж хойш суух ёсгүй. Харин ч илүү идэвхтэй байх хэрэгтэй. Израильчууд 40 жил цөлөөр тэнүүчилсэн нь Бурханы үгийг үл ойшоовол амьдралаа хэрхэн дэмий өнгөрөөж болдгийн жишээг онцоллоо.
Ахмад хүмүүст чөлөөт цаг, эрх чөлөө, амьдралын баялаг туршлага бий. Библид ахмад хүмүүсийг хүндэтгэх нь зүгээр нэг ёс биш, Бурханы тушаал гэж хэлдэг. Тиймээс энэ хүндэтгэлийг бид залуу үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй.
Сургаалт үгс 16:31-д “Буурал толгой алдрын титэм, зөвт байдлын зам дээр үүнийг олно” гэж хэлсэн байдаг. Буурал үс бол зүгээр нэг насны шинж биш, харин амьдралын туршлага, мэргэн ухааны илэрхийлэл юм.
Дуулал 92:14-д “Хөгширсөн ч тэд жимс гаргана. Шүүслэг бас ногоон хэвээрээ байна” гэж бичээст өгүүлсөн. Энэ нь өндөр насандаа ч Бурханы ажилд үр жимстэй байж болдгийг харуулж байна.
Тиймээс ахмадууд аа, та нарын цаг иржээ. “Би хөгширсөн” гэж хойш суух бус, манлайлан үйлчилж, бусдад гэрэл болоорой. Энэ ахмадын клуб бие биеэ дэмждэг, зөвлөдөг, босгон байгуулдаг газар байж, улам өргөжин 30, 60, 100 дахин үржих болтугай. Та бүхэн Эзэнд өөрсдийгөө зориулж, бусдад ерөөл болж амьдраасай хэмээн ерөөлөө.
Имманүэль сүмийн гишүүн С.Баянжаргал ахмадуудад зориулсан хоол шим тэжээлийн сургалтыг явуулж, эрүүл урт наслах үндэс болох гурван зарчмыг танилцуулсан юм.
Зөв хоол – уураг, кальци, витаминаар баялаг хүнс хэрэглэх.
Тогтмол дасгал хөдөлгөөн – бие махбодоо хайрлах.
Итгэл ба хамтын нийгэмлэгт оролцох – сэтгэлд амар амгалан, бие биедээ дэмжлэг болох гэсэн зармуудын талаар зөвлөлөө.
Сургалтын дараа ахмадууд клубын нэрээ сонгосон бөгөөд “Сэтгэлийн булаг” хэмээх эрхэм нэрийг олонхийн санаал дэмжлээ. Мөн нууц санал хураалтаар удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо.
- Баянхайр сүмээс : Р.Чулуунбат, Ц.Жаргал
- Улаанбаатар төв сүмээс: Н.Одсүрэн
- Имманүэль сүмээс: Т.Баатармаа
- Эхлэл сүмээс: А.Ариунжаргал нар тус тус сонгогдлоо.
Ийнхүү ахмадын клубын нээлт амжилттай болж, цаашид тогтмол уулзалт, сургалт, нийгмийн арга хэмжээг хамтдаа зохион байгуулах талаар санал бодлоо солилцов. Энэхүү клуб нь ахмад настнуудын эрүүл энх, идэвхтэй амьдрал, хамтын итгэл найдвар, бие биетэйгээ нөхөрлөж, туршлагаа хуваалцах үнэт орон зай болох нь дамжиггүй.





