Хойд Ази–Номхон далайн бүс нутгийг хамарсан, Монгол, Непал, Шри Ланка гэсэн гурван улсад зэрэг хэрэгжих Теологийн бакалаврын зэрэг олгох сургалт албан ёсоор эхэлж байна. Энэхүү хөтөлбөр нь МАЧ-ны зүгээс пасторуудынхаа боловсрол, хөгжилд тууштай анхаарч ирсэн тасралтгүй үйл ажиллагааны нэгэн чухал үргэлжлэл билээ.
Өмнө нь пасторын сертификат олгох сургалтаар эхлэл тавигдаж, улмаар AIIAS их сургуультай хамтран DLS алсын зайн магистрын сургалтыг амжилттай хэрэгжүүлж байсан туршлага бий. Мөн өөрийн дотоод нөөц боломжид тулгуурлан Теологийн сургалтыг хоёр удаа зохион байгуулсан нь энэ салбарын суурийг улам батжуулсан юм.
Энэ удаагийн сургалт нь Taiwan Adventist College-ийн салбар хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог бөгөөд МАЧ-д ажиллаж буй бакалаврын зэрэггүй ажилтнуудыг хамруулж, тэдэнд боловсрол эзэмших шинэ боломжийг нээж байна.
Дөрвөн жилийн хугацаатай энэхүү хөтөлбөр нь гурван улсад зэрэг хэрэгжиж, мэдлэг туршлагыг харилцан солилцох, хамтдаа хөгжих өргөн боломжийг бүрдүүлж буйгаар онцлог.
Монголын теологийн багш нар Непал улсад очин сургалт явуулах нь зөвхөн мэдлэг түгээх төдийгүй олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам болж байна.
Энэхүү сургалт нь суралцах, хөгжих, мөн нийгэмдээ үнэ цэнтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй олон хүнд үүд хаалгаа нээж, итгэл, мэдлэгийн гэгээн замыг хамтдаа бүтээж байгаа үйл явдал юм.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.03.31












