Булган сүмийн ахлагч Амаржаргал нэг сарын хугацаанд Улаанбаатар хотод Теологийн сургалтад хамрагдан суралцах үеэр сүмийн үйлчлэл тасралтгүй өрнөж, дөрөвдүгээр сарын турш ивээл дүүрэн, үр өгөөжтэй өдрүүд үргэлжиллээ.
“Бурхан та нарын үйлс болон Түүний нэрийн төлөө үзүүлсэн хайрыг мартахгүй” хэмээх Еврей 6:10-ын амлалт энэ хугацаанд бодитоор биеллээ оллоо.
Сүмийн гишүүд долоо хоног бүрийн Библи судлалыг идэвх санаачилгатайгаар зохион байгуулж, үгээр тэжээгдэн, итгэлдээ өсөн бэхжиж байна. Нөхөрлөл, залбирал, шаббат хичээл судлал хосолсон эдгээр уулзалтууд нь сүмийн амьдралыг улам гэрэлтүүлж, сүнслэг өсөлтийн сайхан уур амьсгалыг бүрдүүлж байна.
Мөн Шаббатын мөргөлийн хөтөлбөрүүд хуваарийн дагуу эмх цэгцтэй зохион байгуулагдаж, гишүүн бүр өөрийн авьяас чадвар, зүрх сэтгэлээ зориулан Бурханд итгэмжтэй үйлчилсэн нь бахархалтай байлаа.
“Та нар юу ч хийсэн, хүмүүст бус харин Эзэнд мэт чин сэтгэлээсээ хийгтун. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэднэ. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм” хэмээх Колоссай 3:23-24-ийн үгс энэ үйлчлэл бүрд амилсан мэт…
Түүнчлэн сүмийн цэвэр цэмцгэр орчныг хадгалах үйлст гишүүн бүр чин сэтгэлээсээ оролцож, хариуцлага, нэгдмэл байдлын үлгэр жишээг харууллаа.
Булган сүм ийнхүү итгэл, эв нэгдэл, үйлчлэлээрээ улам бэхжиж, Бурханы ивээл дор өсөж хөгжсөөр байна. Сүмийг үргэлж тэтгэн ивээж, өсгөн бэхжүүлдэг Бурханд бүх алдар, талархлыг өргөе. Амен.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.27




