Манай “UB EVENT HALL”-д болох уулзалт 2-р сарын 8 - 1 2-ны өдрүүд болж өөрчлөгдлөө

Манай Бурханд хараахан итгэж амжаагүй хүмүүст зориулсан уулзалт маань анх товлогдсон өдрүүд болох 2018 оны 2-р сарын 1-5 өдрүүдээс бага зэрэг хойшлон 2018 оны 2-р сарын 8-12 өдрүүдэд явагдахаар боллоо. Учир юу гэвээс энэхүү уулзалтын маань илтгэгч доктор Рон Клозе маань гэр бүлийн эрүүл мэндийн асуудлаар яаралтай АНУ-руу нутаг буцах шаардлагатай болсон билээ. Тиймээс бид хэдий Монголын үндэсний баяр цагаан сар ойртсон боловч энэхүү уулзалтаа цаг хугацааг нь багахан өөрчлөөд, хийхээр болсон юм. Бурхан бидний энэхүү үйлчлэлийг бүрэн дүүрнээр ивээнэ гэж найдаж байна. Энэхүү хэдэн өдрийн цуврал уулзалтууд маань бидний эргэн тойронд байгаа үл итгэгч найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтран ажиллагсдаа урих гайхалтай сайхан боломж болоод зогсохгүй энэ оны 3-р сард төлөвлөж буй томоохон сургалтын маань бэлтгэл туршилт болж өгөх юм. Энэ уулзалтууд бидэнд Бурханы хүмүүст зориулан юу хийдгийг тодорхойгоор харуулах нь дамжиггүй. Бид эхний өдрийн уулзалтаараа Чингис Хаан болон түүний Бурханы талаарх ойлголт харин хоёр дахь өдрийн уулзалтаараа зовлон бэрхшээл ба Монголчуудын хэлдгээр муу ёрын зүйл буюу чөтгөрийн талаар ярилцах болно. Түүнээс хойших өдрүүдийн уулзалтаар үл итгэгч хүмүүст зориулан библид гарч буй Бурханы талаарх ойлголтуудын талаар ярилцах болно. Итгэгч бус найзууд маань ч гэлтгүй манай сүмийн зарим гишүүд маань ч гэсэн энэ талаар өмнө нь сонсож байгаагүй гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс та бүхэн энэхүү гайхалтай боломжийг, мэдлэгийн их уурхайг, Ариун Сүнсний ховор цагийг мөчийг битгий алдаарай. Боломжтой бүхнийг уригтун! Нөгөө талаар энэ бол маш их залбирлыг өргөх цаг хугацаа юм. Ариун Сүнсний ажил явагдаж байх энэ үед бидний дайсан гараа хумхиж суухгүй нь тодорхой. “Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая… Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм. ” (1-р Тесалоник 5:6,9)

PDF – Mongolia Field School of Evangelism-2018 January, Mongolian (Color)

Share this: